Хөлбөмбөгийн багуудын эмблемний тухай
Хөлбөмбөг сонирхогч хүн бүрийн хувьд хамгийн ойр дотно зүйл бол дэмждэг багийнх нь эмблем байдаг. Гэхдээ олонх нь тухайн лого нь юу өгүүлж буй ямар утгатай болохыг сайн мэддэггүй. Иймээс та бүхэнд европын зарим топ багуудын лого эмблемний утга агуулга, түүхээс сонирхуулахаар шийдлээ.
Барселона
Манчестер Юнайтед
Тэртээ 1878 онд Манчестер хотын Newton Heath төмөр замын өртөөний хэсэг ажилчид нэгдэн Newton Heath L&YR F.C хэмээх хөлбөмбөгийн клуб байгуулсан нь өдгөөгийн алдарт Манчестер Юнайтед клубын эхлэл болжээ. 1900-аад оны эхэн үед клуб санхүүгийн хямралд орж хүндхэн байх үед хотын шар айрагний үйлдвэрийн эзэн Давиес гэгч өгөөмөр сэтгэл гаргаж клубыг ивээн тэтгэснээр МанЮ агуу баг болох эхлэлээ тавьсан. Үүний дараа клубын эзнээр томилогдсон Давиес удирдах зөвлөлийн анхны уулзалтаар багий нэрийг солих санал дэвшүүлсэн байна. Ингээд Manchester Central ,Manchester Celtic зэрэг олон хувилбар дэвшүүлсний эцэст италийн цагаач Луйс Рока гэгч залуугийн санал болгосон Манчестер Юнайтед хэмээх нэрийг сонгож 1902 оны 4 сарын 26-нд албан ёсоор баталжээ. Мөн өмнө нь өмсдөг байсан ногоон алтлаг өнгийн өмсгөлийг сольж улаан цагаан өнгөөр гангарах болсон байна. Харин эмблемний хувьд эхэн үедээ Манчестер хотын сүлд болох дээрхи эмблемийг зүүж байгаад 1960-аад оноос өнөөгийн төрхөө олсон. Гэхдээ тухайн үед “улаан чөтгөр” хэмээх нэршил гарч ирээгүй байсан болохоор одоогийн чөтгөрийн дүрсний оронд Манчестрийн сүлдний 3 хөндлөн зураас байжээ. 1945–1969 оны хооронд клубыг удирдаж гайхалтай амжилтанд хүргэсэн Матт Басби хэмээх шотланд эрхэм 60-аад оны эхэн үед Улаан чөтгөр гэдэг нэрийг гаргаж иржээ. Тэрээр Salford гэх улаан өмсгөлтэй регбийн багийн тоглолтын ажиж суухдаа хүмүүс тэднийг Улаан чөтгөрүүд хэмээн дуудаж байгаа нь таалагдаж клубтээ “зээлэхээр” шийдсэн аж. Энэ нэр удалгүй олны дунд түгснээр 1970-аад оны эхэн үеэс клубын эмблемэн дээр улаан чөтгөрийн дүрсийг байрлуулах болсон аж. 1998 онд сүүлийн удаа клубын эмблемэнд өөрчлөлт оруулж Football club хэмээх үгийг хассан байна.
Ливерпуль
1892 онд Анфиелд цэнгэлдэхийг Евертонд түрүүсэлдэг байсан Бизнесмен Жон Холдинг гэгч нөхөр Ливерулийг үндэслэсэн. Тухайн үедээ клубыг Everton Athletic гэж нэрлэхээр ярьж байсан ч ФА-н зүгээс нэрээ солихийх шаардсан учир хотынхоо нэрээр нэрлэгдсэн аж. Өмсгөлийн өнгөний тухайд клуб байгуулагдсан эхний жилүүддээ Евертоны адил цэнхэр-цагаан өмсгөлийг өмсөж байгаад 1894 оноос ”улаан” өнгийг сонгосон. 1960 он хүртэл улаан-цагааныг хослуулж гангардаг байсан бол тэр үеэс өмсгөлөө бүхэлд нь улаан болгожээ. Хотон шувуунуудыг домогт менежер Билл Шанкли (1959-1974) нэгэнтээ ”Улаан өнгө эрч хүч, аюул заналыг илэрхийлдэг. Тиймээс бидний өмсгөлийн өнгө эсрэг багийнхандаа сэтгэлзүйн дарамт учруулдаг байх” гэжээ. Та бүхэн Анфиелд Роад руу ордог гол хаалгыг Shankly Gate буюу Шанклийн хаалга гэж нэрлэдгийг мэдэх байх. Үүний учир нь Билл Шанкли клубыг доод дививзионд унасан хүнд үед нь эргэн босгож, хүчирхэг баг бүрдүүлж чадсанаар барахгүй клубын түүхэнд үлдэх аугаа амжилт үзүүлсэн болохоор нь ийн нэрлэсэн аж. Ливерпулийн логоны дээд хэсэгт уг Шанкли Гэйтийн дүрс байдаг. Бид бүхний мэдэх You”ll never walk alone дууг 1960-аад оны үед Англид хүчээ авч байсан Ливерпудлиан Мерсибит хэмээх хамтлаг гаргаж ирсэн ба тэр цагаас Ливерпулийн фенүүдийн уухай болсон ажээ. Харин гол хэсэг дэх Хотон шувуу нь Ливерпуль хотын сүлд аж. Уг шувууны домог нь “Дундад зууны үед Британы арлыг Жон хэмээх хаан захирч байлаа. Тэр хаан Ливерпуль хотноо гэгээн цол авах ёслол үйлдэж байсан ба түүнийг үхсэний дараа оршуулсан газрынх ойролцоо бүргэд, хотон хоёрын эрлийз Liverbird хэмээх амьтан гарч ирсэн байна. Ингээд энэ шувуу Ливерпуль хотын бэлэгдэл болсон бөгөөд уг шувуугаар Английн хааны удмыг бэлгэддэг ажээ”. Логоны хоёр талд байрлах бамбар нь 1989 онд Холсборо цэнгэлдэхийн ослоор нар барсан 96 дэмжигчийн дурсгалд зориулагдсан аж. 2005 онд 5 дахь Аваргуудын лигийн цомоо хүртсэний дараа тэд УЕФА-с ийм эмблем хүлээн авсан. Аваргүүдын лигт зөвхөн 5 буюу түүнээс дээш түрүү, эсвэл 3 дараалан түрүүлсэн баг л ийм хүндлэлийг хүртэх эрхтэй.
Челси
Лондоны Язгууртнууд гэгддэг Челси клуб өөрийн 100 жилийн түүхэндээ цөөнгүй эмблемийг хэрэглэж байсан. 1905 онд Анри Аугустс Мирс хэмээх бизнесмен өөрийн дүү Жофеф Мирсийн хамт Лондоны өмнөд хэсэгт Стэмфорд Бриж цэнгэлдэхийг худалдан авч клубыг байгуулсан түүхтэй. 1950-иад он хүртэл клубыг Тэтгэвэр авагчид хэмээн нэрлэдэг байсан нь санаандгүй хэрэг бус. Британий армийн тэтгэвэрт гарсан дайчдын асрамжын газар Челси дүүрэгт оршдог байснаас ийн нэрлэх болсон гэнэ. 1952-1961 онд Челсиг дасгалжуулсан Тед Дрек хэмээх эрхэмд энэ хоч таалагдсангүй тул клубын эмблемэн дээрээс ахмад дайчны дүрсийг авч хаян CFC гэсэн үсэгтэй шинэ логог гаргаж иржээ. Гэвч тун удалгүй Лондоны Челси дүүргийн сүлд болсон Арслангийн дүрстэй шинэ эмблем гарч ирсэн. Энэхүү лого нь өнөөгийн бидний харж буй эмблемний эх болсон гэж хэлж болно. 1989 онд клубын шинэ эзэд ашиг олохын тулд дахин шинэ лого хийсэн нь шар өнгийн Арслангийн дүрстэй CFC буюу Chelsea Football Club гэсэн үсэгтэй байлаа. Энэ эмблемийг 19 жилийн турш энгэр дээрээ зүүсний эцэст 2004 онд фенүүдийн шаардлагаар хуучин логог боловсронгуй болгож сэргээсэн ба энэ нь Роман Абрамовичийн байгуулсан шинэ Челсигийн бэлгэ тэмдэг болсон билээ. Логоны хоёр тал дахь сарнайн дүрс нь Англи орныг бэлгэдэж байгаа бол бөмбөг нь ямар нэгэн гүн утгагүй аж.
Арсенал
Арсенал клубыг 1886 онд Лондоны Вүүлвич дүүрэг дэх хэсэг ажилчид нэгдэн үүсгэжээ. Тийм ч учраас эхэн үедээ тус дүүргийн сүлд болох дээрээс нь харсан арслангийн дүрстэй 3 их буутай логог ашиглаж байв. Гэвч хүмүүс түүнийг нь яндан гэж тохуурхаад болохгүй болохоор нь 1922 онд зүүн тийш харсан 1 их буутай болгож өөрчилсөн аж. Буу оруулах болсоны шалтгаан нь Вүүлвич дүүрэг буу, зэвсэг үйлдвэрлэлтээрээ нилээд алдартай газар байсан болохоор гэх хүмүүс тайлбарладаг. Дээрхээс ердөө гуравхан жилийн дараа логонд дахин өөрчлөлт оруулж их буугаа баруун тийш эргүүлээд, дарьтай торх, The Gunners буюу Буучид гэсэн үгийг нэмснээр англи даяар тэднийг ийн хочлох болсон гэнэ. 1949 онд логог арай орчин үежүүлж улаан өнгийн дэвсгэртэй болгосон ба латинаар Victoria Concordia Crescit гэсэн бичгийг оруулжээ. Энэ нь ”Зохицлоос ялалт ирдэг” гэсэн утгатай аж. Үүнээс хойш өнгийг нь нилээд хэдэн янзаар сольж үзсэн бас 2002 онд бидний одоогийн харж буй логог хэрэглэх болсон байна. Гэхдээ зарим нэг Буучдын фенүүдээс шинэ лого нь багийн түүх уламжлыг гажуудуулсан гэсэн шүүмжлэл ирж байсныг дурьдах нь зүйтэй.
Реал Мадрид
1902 онд Мадридийн их сургуулийн хэсэг оюутан, профессорууд нэгдэн Madrid Football Club буюу өнөөгийн Реал Мадридийг байгуулжээ. Клубын өмсгөл эхэн үедээ цэнхэр өнгийн ташуу судалтай байсан ба багийн эмблемэн дэх ташуу судал нь үүнтэй холбоотой. Энэ нь Кастиль үндэстний бэлгэдэл болдог аж. Гэхдээ Реалийн эмблэм өнөөгийн төрхөө олтлоо нилээд удаан хугацааг туулсан. Эхний жилүүдэд ердөө л MCF гэсэн үсгийг хэрэглэдэг байсан тэд 1908 онд гоёмсог болгох гэж үсгээ цагирагт оруулжээ. 1920 онд Испанийн эзэн хаан 13-р Альфонсо өөрийн титмийг багийн бэлгэдэлд оруулахыг зөвшөөрчээ. Ийнхүү Хааны зөвшөөрсөн royal хэмээх алдар нэр нь Зүгээр л “Madrid Club de Futbol” гэж нэрлэгдэж байсан клубыг “Real Madrid Club de Futbol” болгож өгсөн байна. 1930-аад оны үед өрнөсөн Испаний иргэний дайны жилүүдэд титмийнхээ оронд дээрхи судлыг оруулж ирсэн. 1941 онд дэлхий дахинаараа дайнд татагдан оролцож байхад, төвийг сахисан генерал Франкогийн Испани дахь Мадридын клуб дахин бэлгэгдлээ өөрчилжээ. Энэ удаа алтан хүрээ үсэгнүүдтэй болж, Хааны титмийг залж, ялaм модны өнгөт туузаа оруулж нэг ёсондоо өнөөгийн төрхөө олжээ. Энэхүү бэлгэдэл нь эзэн хааны клубт нэгэн жарны турш огт өөрчлөгдөлгүй явж ХХ зууны хөлбөмбөгийн хамгийн алдартай нь эмблем болсон түүхтэй. 2001 онд эмблемийг титмийн хэлбэрийг бага зэрэг өөрчилж, мөн хүрээг нь хөхөмдөг сүүдэртэй болгосон байна.
Milan
1899 онд Английн Ноттингэм хотоос ирсэн Альфрэд Эдвардс, Херберт Килпин нар ”Milan Cricket and Football Club”-г байгуулснаар энэ агуу багийн түүх эхэлжээ. Клубын үндсэн өмсгөл болох улаан-хар өнгө нь эсрэг багийн айдас болон өөрийн багийн ялан дийлэх их эрч хүчийг бэлгэдэж буй аж. Олон жилийн турш клубын энгэр дээр ердөө Милан хотын далбаа болох цагаан дэвсгэр дээрх улаан загалмай гялалздаг байлаа. Хожим тэдний өмсгөлийн өнгөнөөс болж чөтгөрүүд гэж нэрлэж байх үед чөтгөрийн дүрсийг эмблемэн дээрээ хэрэглэж байсан байх юм. Өнөөгийн эмблемний хувьд ACM гэдэг нь италиар Associazione Calcio Milan гэсэн утгатай. Доод талд нь улаан-хар өмсгөлийн өнгө (Rossoneri ) Милан хотын далбаатай зэрэгцэн байрладаг. Хамгийн доод хэсэг клубын байгуулагдсан он байдгийг та бүхэн мэдэх байх. Харин хамгийн дээр байдаг одны учир нь италид лигийн 10 түрүү авсан багт нэг од өгдөг уламжлалтай. Миланы хувьд лигийн 17 түрүүтэй учир энэ одыг дээрээ залдаг ажээ.
Интер
1908 онд Миланы хэсэг нөхөд ”салан тусгаарлаж” Интерийг байгуулсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэд гадаадын тоглогчдыг багтаа элсүүлэх тал дээр бусадтайгаа санал нийлээгүйн улмаас ийн салжээ. Клубын өмсгөлийн өнгө болох хар-хөх нь шөнө болон тэнгэрийг бэлгэдэж байгаа аж. 1928 оноос дэлхийн хоёдугаар дайны төгсгөл хүртэл тэд цагаан өнгөн дээрх улаан загалмай буюу Милан хотын далбааны өнгөтэй өмсгөл өмсөж байжээ. Харин Дайны дараачаас нэрээ Интернационал болгон өөрчилж, хуучин нерразурри (хар-хөx) өмсгөлөөрөө гангарах болж. Багийн эмблемен дээрх FCIM гэсэн үсгүүд нь Football Club Internazionale Milano гэсэн үг аж. Багийн хуучин логон дээр үсгүүд нь шар өнгөтэй, мөн Inter, 1908 гэсэн тоо байсныг арилгаж өнөөгийн цагаан өнгийн үсэгтэй эмблемийг хэрэглэх болсон.
Ювентус
1897 онд Турин хотын ”Massimo D’Azeglio Lyceum” сургуулийн сурагчид Ювентус клубыг үүсгэн байгуулжээ. Клубын эмблен дээр байдаг бух нь Турин хотын бэлгэдэл бөгөөд тэдний дерби Торино клубын эмблэмэн дээр ч энэ нь байдаг. 1958 онд Ювентус лигийн 10 дахь түрүүгээ авсны дараа италийн багуудаас анх удаа дээрээ од залсан. 1982 онд тэд хорь дахь скудеттогоо хүртсэнээр хоёр одтой болжээ.
АС Рома
1927 онд Ром хотын захирагч доод лигийн Roman, Alba-Audace, Fortitudo зэрэг багуудыг нийлүүлэн АС Рома багийг байгуулсан. Клубын үндсэн өмсгөл болох улаан өнгө нь дээрхи татан буугдсан Роман багаас авсан аж. ASR гэдэг нь Аssociazione Sportiva Roma буюу Рома спортын холбоо гэсэн үг. Чоно нь Ром хотын бэлгэдэл бөгөөд иймээс чонын дүрсийг багийн эмблемэн дээр байрлуулсан. Дэлхийн хамгийн эртний хотуудийн нэг болох Ромын хамгийн анхний хаан Ромулын тухай домгоос энэхүү чонийн дүрс үүсэлтэй юм Уг домгийг сонирхуулбал.
“Эрт урьдийн цагт хайр дурлалийн бурхан Вэнус амьдардаг байжээ. Тэр Инис гэдэг хүүтэй байлаа. Ээж нь хүүгээрээ маш их бахархдаг байв. Хүү нь Трой хотоо дайснуудаас зоригтой хамгаалж байсан боловч хотийг эзлэгдэх үэд зугтаажээ. Инис ус мөрөн маш их газар нутгийг туулсаар Италийн Латиум гэдэг газар ирж хааний охинтой гэрлэн өөрийн хаант улсаа байгуулав. Олон олон жил өнгөрч хаант улсийн өмнө хүнд цаг ирэв. Тэр үэд хаант улсийг Инисийн удмийн хаан Нумитор байв. Нумиторын охин Рэяа Ромул Рэм нэртэй 2 хүүтэй байв. Тэдний аав Марс нь дайний хүчирхэг бурхан байжээ. Нумитор хааний дүү хорон санаат Амулис хаан ширээг булаан авч Нумиторийг хөөн явуулаад Ромул Рэм 2 хүүг Тибэр хэмээх мөрөнд хаяхийг тушаав. 2 хүү усанд хөвж явсаар голийн эрэг дээр хаягдсанийг нэгэн гичий чоно олж аван өөрийн бэлтрэгнүүдийн хамт тэжээжээ. Удалгүй нэгэн хоньчин тэднийг олж өсгөснөөр хүүхдүүд баатар эр болон өсөж өвөө нумиторийн хамтаар хаант улсаа буцаан авчээ. Ромул удалгүй Тибэр мөрний дэргэд өөрийн хотийг байгуулж эхэлсэн нь Ром хот юм”
Байерн Мюнхен
Германы хамгийн алдартай клубыг үүсгэн байгуулсан хүмүүс нь Гимнастикчид гэвэл та итгэх үү. MTV 1879 буюу Мюнхений Гимнастикийн клубын нэгэн уулзалтаар хөлбөмбөгийн клуб байгуулах талаар ярилцаж тэр нь 1900 оны 2 сарын 27-нд биелэлээ олжээ. Клубын 109 жилийн түүхэнд эмблем нь цөөнгүй удаа өөрчлөгдөж байсан. Эхэндээ тэдний эмблем цэнхэр өнгөтэй бас F, C, B, M гэсэн үсэгнүүдтэй байлаа. 1954 онд Бавари хотын далбаа болох цагаан цэнхэр өнгийг клубын сүлдэнд оруулж өгсөн. Түүнээс хойш бага зэрэг өөрчлөгдсөөр өнөөгийн төрхөө олжээ.
Олимпик Лион
Францын алдарт Олимпик Лион клубыг албан ёсоор 1899 онд байгуулагдсан гэж үздэг. Тухайн үед үйл ажиллагаагаа явуулж байсан Lyon Olympique хэмээх спортын холбоонд хагарал гарч хэсэг нөхөд нэгдэн хөлбөмбөгийн тусдаа клуб байгуулснаар тэдний түүх эхэлсэн аж. Багийн эмблемен дээрх арслан нь Францын Лион хотын бэлгэдэл бөгөөд тус хотын далбааны улаан цэнхэр өнгийг эмблемэн дээр ашигласан аж.